Тийссийн Allies буюу Дэмжигч хөтөлбөр нийгэмд өөрчлөлтийг авчирч байна

Огноо
Аравдугаар сар 09, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Нийгмийн өөрчлөлтийн төлөөх аливаа санал санаачилгын ард чин хүсэл эрмэлзэл, зориг зорилготой хүмүүс байдаг.

 

Тийссийн залуу ажилтан, уулын инженер Жэймс Кауин нь өөрийн хувийн амьдралд туулсан үзэл баримтлалд үндэслэж ЛГБТИКА+ хүмүүст дэмжлэг үзүүлэх Allies буюу Дэмжигч хөтөлбөрийг санаачилсан байна.

Сидней хотод амьдардаг, гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдсөн Жэймс гэрээсээ хол, төслийн сайтад байрлаж ажиллах болсон талаар ээжтэйгээ анх ярилцаж байв.

Жэймс хэлэхдээ: “Анх би хамт олондоо өөрийнхөө тухай хэлвэл, ажил мэргэжилд маань сөргөөр нөлөөлж, хүмүүст буруугаар ойлгогдож, гадуурхагдах вий гэж санаа зовж байсан.

Тийм болохоор ажилд орсон эхэн үедээ би нээлттэй харилцаж чаддаг цөөн хэдэн хүнд л ижил хүйстэн гэдгээ хэлж байсан.

Төв Куинслэнд дэх сайтад ажиллаж байхад цуг ажилладаг ажилтан нэгэн өдөр надад ижил хүйстэн учраас бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийн улмаас уул уурхайн салбараас гарах бодолтой байгаагаа хэлсэн юм.

Энэхүү шийдвэр нь зөвхөн ажил мэргэжлийн төдийгүй түүний хувийн амьдралд ч чухал шийдвэр гэдгийг мэдэж байсан учраас би тэр хүний ярихыг анхааралтай сонсож, туулж өнгөрүүлсэн туршлагын талаар түүнтэй ярилцсан.

Ямар нөлөө үзүүлснийг мэдэхгүй ч, тэрээр надтай ярилцсанаас хойш өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт ажиллаж байгаа бөгөөд ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үнэхээр дуртай байгааг харахад баяртай байдаг.

Тэр үед л надад “хүн бүр аюулгүй гэдгээ мэдэрч, бие биедээ эрх тэгш, хүндэтгэлтэй хандах тийм орчныг бүрдүүлэх Allies буюу Дэмжигч хөтөлбөрийн санаа анх төрсөн юм” гэв.

Санааг бодит болгон хэрэгжүүлэв

Жэймс өөрийн шинэ санааг бодит болгон хэрэгжүүлэх зорилгоор Тийсийн орон нутаг, олон талт байдал, оролцоог дэмжих асуудал хариуцсан багийн ахлах зөвлөх Жордана Сотеллтай Тийссийн гүйцэтгэх удирдлагын багийн дэмжлэгтэйгээр уулзсан юм.

Компанийн баримталдаг олон талт байдал, оролцоог дэмжих стратеги”-д нийцүүлэх, удирдлагаас дэмжлэг авах гэсэн үндсэн хоёр асуудлыг шийдвэрлэлгүйгээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хэцүү гэдгийг салбарын ажилтнуудтай хийсэн эхний хэлэлцүүлгүүдийн явцад ойлгож авсан.

Жордана хэлэхдээ: “Хувь хүний ялгаатай байдал, харилцан биенээ хүндэтгэх явдлыг дэмжих зорилгоор Тийссийн баталсан олон талт байдал, оролцоог дэмжих стратегид нийцүүлэн Allies буюу Дэмжигч хөтөлбөрийн стратегийг боловсруулах шаардлагатай болсон.

Удирдах ажилтнуудад эхнээс нь зааж сургаж, тэднийг дэмжигч төлөөлөгч болгох замаар удирдлагаар зөвшөөрүүлэх, дэмжүүлэх нь бидэнд маш чухал байсан” гэв.

Хөтөлбөрийг Бахархлын сартай хамт эхлүүлэв

Allies буюу Дэмжигч хөтөлбөрийг 2019 оны 6-р сард тохиосон Бахархлын сартай хамт эхлүүлсэн нь амжилттай хэрэгжсэн.

ЛГБТИКА+ гэсэн товчлол, удирдах ажилтнуудын нөлөө, ажилтнуудын хувийн туршлага зэрэг танин мэдэхүйн мэдээлэл агуулсан видеог Тийссийн ажилтнуудад таницуулсан.

Хөтөлбөрийг эхлүүлэхийн өмнө PowerPoint танилцуулгуудыг бэлдэж, сайт дах үйл ажиллагааны үеэр танилцуулж, поло загварын цамц, солонгон өнгөтэй хүзүүний оосор, Allies-д зориулсан энгэрийн тэмдэг зэргийг худалдан авч ажилтнуудад тараах ажил хийсэн.

Ажилтнууд манлайлж байна

Allies буюу Дэмжигч хөтөлбөрийн хүрээнд Австрали, Чили дэх оффис болон сайтад өнөөдөр 180 хүн ажиллаж байна.

Дэмжигч хөтөлбөр хүрээгээ тэлж, сайт дах ажилтнууд энэхүү санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, энэ оны эхээр Өмнөд Маунт Артур уурхай дах төслийн баг хамт олон Тийсийн ЛГБТИКА+ хүмүүсийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор дөрвөн автосамосвалын тэвшийг нил ягаан өнгөөр, ЛГБТИКА+”-ын мөн чанарыг солонгоор билэгдэж будсан.

Дэмжигч хөтөлбөрийн дараачийн ажил юу болох тухай асуултад Жэймс хариулахдаа холбооны зөвлөлөөс олон ажил хийхээр төлөвлөж байна гэв.

Тэрээр, Дэмжигч хөтөлбөрийн зөвлөлд үзэл бодол, итгэл үнэмшлийн хувьд ялгаатай олон хүн байдаг ба энэхүү санаачилгыг ажилтнууд манлайлан хэрэгжүүлэх нь чухал хэмээн онцолсон.

Бусад хүмүүс ЛГБТИКА+ хүмүүсийн тухай ойлголт мэдлэгээ сайжруулах, тэднийг илүү сайн таньж мэдэхэд нь туслах үүднээс бид боловсрол, мэдлэгийн сангаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Дэмжигч хөтөлбөрийнхэн ажлын байрнаас гадна бусад үед ч эерэг нөлөө үзүүлсээр байгаад итгэлтэй байгаагаа Жордана илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ “олон талт байдал, оролцоог дэмжихэд чиглэсэн санаачилгыг бид ажлын байрнаас бусад газарт ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал.

Дэмжигч хөтөлбөрийнхэн маань дуу хоолойгоо гэр бүлдээ, найзууддаа болон хөршүүддээ хүргэхийг нь бид дэмждэг.

Энэ нь нийгмийн өргөн хүрээн дэх ойлголтыг өөрчлөхөд хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм. Хүн бүр дор бүрнээ бусдад ЛГБТИКА+ хүмүүсийн талаар мэдлэг олгож, таниулж чадсанаар урт хугацаанд үр дүнтэй байх өөрчлөлтийг хийж чадна” гэв. 

Хамт олондоо дэмжлэг үзүүлж, ЛГБТИКА+ хүмүүсийг илүү сайн ойлгож мэдэх гэсэн хүн бүхэнд холбооны үүд хаалга нээлттэй.

2020 оны AMMA Олон талт байдал, оролцоог дэмжих шагнал хүртсэн Тийссийн Дэмжигч хөтөлбөрийнхэнд баяр хүргэе.

Энэхүү шагнал нь Дэмжигч хөтөлбөр олон талт байдал, оролцоог дэмжих ойлголтыг олон нийтэл таниулан ойлгуулах, хэвшмэл буруу ойлголтыг халах, үл тэвчих байдлыг арилгах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж олгосон шагнал юм.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm