Би өөрөөрөө байдгаар бахархдаг – Ники өөрийн түүхээс хуваалцаж байна.

Огноо
Наймдугаар сар 19, 2021
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Маунт Плийзэнт уурхайн олон талын ур чадвартай оператор Ники амьдралын сорилтуудтай тулгарч байсан бөгөөд одоо бусдыг өөрсдийнхөөрөө байхад нь тусалж байна.  


Наймдугаар сарын 27-ны Баасан гаригт “Нил ягаан өнгийн хувцас өмсөх өдөр” тохиох гэж байгаатай холбогдуулан “хүндэтгэж яриа өрнүүлэх, бусдад хүндэтгэлтэй хандах, өөрийгөө хэн гэдгээрээ бахархаж амьдрах хүч”-ийн талаар Ники бидэнтэй бодлоо хуваалцсан юм.  

Никигийн түүх  

Би бэлгийн чиг хандлагынхаа талаар ихэд ичдэг байсан бөгөөд гэр бүлийн зарим гишүүд намайг юу гэж боддог бол гэхээс ихэд санаа зовдог байсан. Би амьдралдаа эргэлт хийх цэгт хүрээд, өөрийнхөөрөө бүрэн дүүрэн амьдрахгүй байгаагаа ухаарсан. Бусад хүмүүс надаас юу хүсэн хүлээж байгааг би өөрийн ойлгосноор хийж өөрийгөө гээж байсан.   

Асуудал нь надад байгаагүйг би ухаарсан. Би ердөө өөрийнхөөрөө байхад л “зүгээр” гэж бодож эхэлсэн. Сиднейд нүүж ирээд, өөрийгөө ЛГБТИКА+ бүлгийн хүмүүсээр хүрээлүүлж, өөрийнхөө талаар илүү сайнаар бодож эхэлсэн. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрөөрөө байх тэр л мөчид би хувь хүнийхээ хувьд төлөвшиж, өөрөөрөө байх нь намайг зөв хүмүүстэй харьцахад тусалсан. Энэ онд надтай гэрлэхээр төлөвлөж буй миний хамтран амьдрагч бол миний хамгийн их талархаж явдаг хүмүүсийн нэг юм.       

Өнөөдөр би бусдад өөрийнхөө түүхийг хуваалцаж, бусдын түүхийг дэмжин сонсож, тэднийг бусдад дуу хоолойгоо хүргэхэд туслах замаар өөрийгөө ил гаргаж, өөрөөрөө бахархахыг хүсдэг болсон. Ижил төстэй зүйлийг даван туулсан хүнтэй ярилцсанаар ганцаардах мэдрэмж багасдаг болохыг ч сайн ойлгож авсан.  

“Нил ягаан өнгөөр хувцаслах өдөр” яагаад чухал вэ?   

Миний хувьд “Нил ягаан өнгөөр хувцаслах өдөр” нь хүмүүст өөрсдийгөө хэн болохыг янз бүрийн аргаар таниулах замаар өөрсдийн жинхэнэ мөн чанарыг илэрхийлэх боломжийг олгодог. Энэ өдөр нь ЛГБТИКА+ бүлгийн хүмүүсийн хувьд хувийн түүхээ хуваалцах, өөрт тохиолдсон сайн, муу бүхий л туршлагын талаар яриа өрнүүлэх платформ болж өгдөг.  

Энэ өдөр нь ЛГБТИКА+ бүлгийн хүмүүсийн талаар ойлголт авах, тэднийг дэмжиж буйгаа илэрхийлэх, хүн бүр үнэ цэнэтэй гэсэн мессежийг хүргэх боломжийг олгодог.  

Маунт Плийзэнт уурхайн сайтад олон талт байдал, оролцоог дэмждэг ажлын орчинд ажилладаг гэдгийг ажилтан бүр мэдэрч ажилладгаар бид бахархдаг. Би сайтад өөрөөрөө байхад ямагт аюулгүй мэдрэмж төрдөг бөгөөд энэ нь нэг талаараа бидэнд “Дэмжигч хөтөлбөр” байдагтай холбоотой.  

Би автосомасвалын цуваанд нил ягаан өнгийн автосомасвал байхыг харах эсвэл хэн нэгэн солонгын долоон өнгийн оосор зүүсэн байхыг харах үедээ өөрийгөө хүлээн зөвшөөрөгдсөн, намайг дэмждэг гэсэн мэдрэмж төрдөг. Энэ нь өвлийн улиралд нарны илч араас төөнөх үед танд аюулгүй, дулаан мэдрэмж төрөхтэй ижил юм.  

Хүн бүрийн амьдралын түүх ялгаатай байдаг. Тэд магадгүй гэр бүлийн гишүүн эсвэл найз нөхдөө дэмжиж буйгаа илэрхийлэх эсвэл тэдэнтэй ярихад аюулгүй гэдгээ илэрхийлэх зорилгоор солонгын долоон өнгөтэй зүйлс хэрэглэж байж болох юм. Ямар ч шалтгаанаар үүнийг зүүсэн байсан энэ нь эерэг нөлөө үзүүлдэг.  

Хүндэтгэж харилцан яриа өрнүүлэх 

Харилцан яриа өрнүүлэх нь маш чухал. ЛГБТИКА+ бүлгийн талаар илүү их мэдэж авснаар юуг хүлээн зөвшөөрөх, юуг хүлээн зөвшөөрч болохгүйг мэдэж авах болно. Та бүх зүйлийг мэддэг байх албагүй ч төлөөний үгийн талаар ойлголттой болж, оролцоог хангасан үг хэллэг ашиглан харилцан яриаг сонирхолтой болгон өөрчлөх боломжтой.  

Хүмүүс бэлгийн чиг хандлага болон хүйсийн ялгаатай байдлын талаар их ярихын хирээр эдгээр сэдвийн цаана оршдог дургүйцэл, жихүүцэл багасдаг. Мөн эдгээр яриаг өрнүүлсний үр дүнд та “хэн нэгэн сэтгэл өвтгөсөн эсвэл болгоомжгүй үг хэлэх тэр мөчид” хөл дээрээ бат зогсож, үзэл бодлоо илэрхийлэх хүчтэй болсон байдаг.  

Ихэнх тохиолдолд эдгээр нь ЛГБТИКА+ бүлгийн хүмүүсийн талаарх ойлголтгүй эсвэл дутмаг ойлголттой байдгаас үүдэлтэй байдаг гэдгийг би ойлгосон. Тэрхүү мөчид тэднийг доромжилсон эсвэл ичээх үг хэллэгээр хариу үйлдэл үзүүлэхийн оронд хэлсэн зүйлийнхээ талаар илүү ихийг бодуулахыг хичээдэг.   

Би ажлын байранд болон гэр бүл, найз нөхдийнхөө дунд өөрөөрөө байдгаар бахархдаг бөгөөд энэ нь бусдад “өөрийнхөөрөө байхад зүгээр” гэсэн сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэж байна!  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm