Салбартаа тэргүүлэх нөхөн сэргээлтийн туршлагыг нэвтрүүлсэн Маунт Плийзэнт уурхай дах багийг сайшаав

Огноо
Есдүгээр сар 03, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Маунт Плийзэнт уурхай (МПУ) дах Тийссийн баг салбартаа тэргүүлэх нөхөн сэргээлтийн туршлага нэвтрүүлэн ажиллаж байгааг Нью Саут Уэльсийн Нөөцийн зохицуулах газар сайшаав.

Нөхөн сэргээлтийн хяналтын талаар саяхан нийтлэгдсэн мэдээ-нд дурдсанаар тус баг чанарын баталгаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар ландшафтын урт хугацааны тогтворжилтыг хангаж, гадаргын ус хураах талбайн сүлжээг хэрхэн хянаж, зохицуулж байгааг Нөөцийн зохицуулах газар сайшаан үнэлсэн юм. 
 
Тийсс компани нь МАЧ Энержи Австралиа (МАЧ Энержи) компанитай хамтран нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийхэд дэмжлэг үзүүлэх, үргэлжилсэн хариуцлагыг багасгах зорилгоор зураг төсөл боловсруулах, хөрс хэлбэржүүлэх, өнгөн хөрс дэвсэх, хөрс сийрүүлэх, ургамал тариалах, ус зайлуулах систем байгуулах гэсэн бүтээн байгуулалтын үе шат бүрд үзлэг, шалгалт хийж баталгаажуулах зэрэг чанарын баталгаажуулалтын хяналтыг нэвтрүүлсэн.  

Тийссийн Байгаль орчин болон иргэний барилгын асуудал хариуцсан менежер Жэймс Андерсон хэлэхдээ “эдгээр хяналт нь нөхөн сэргээлтийн үр дүнг нэмэгдүүлж, хүлээлтэд хүрч ажиллах замаар тогтвортой байдлын бат бөх суурийг бүрдүүлдэг” хэмээн онцлов. 

Тэрээр цааш нь: “Эдгээр хяналтыг хэрэгжүүлсэн явдал нь үйл ажиллагааны бүс нутгууд дах багуудын мэдлэг, туршлагыг бид хэрхэн ашиглаж төслүүдээ гүйцэтгэдгийн нэгэн жишээ юм.  

Манай нотлогдсон систем, процесс нь үр ашгийг нэмэгдүүлж, ажлыг дахин гүйцэтгэх хугацааг хэмнэж, уурхайн бүх үе шатанд зардлыг бууруулахад дэмжлэг болдог” гэв.

Дээд Хантерын хөндийд Масвеллбрүүк хотоос 2.5 км зайд орших Маунт Плийзэнт уурхайн иж бүрэн ландшафтын төлөвлөлт нь нөлөөллийг бууруулах, орон нутгийн байгалийн үзэмжийг нэмэхийн зэрэгцээ газар ашиглалтын эцсийн зорилтуудыг хангахад чиглэдэг. 

Тийсс компани нь 2017 оноос хойш уурхайн хаягдал чулуулаг, хөрсөөр газрын гадаргыг хэлбэржүүлэх, ус хураах талбайн сүлжээ байгуулах, хөрсний элэгдэл ба хурдсыг хянах байгууламж барих, өнгөн хөрс бэлдэх, ургамал, амьтад нутагших орчныг бүрдүүлэх, өнгөн хөрсийг сийрүүлэх, үрсэлгээ хийх, ургамалжуулах зэрэг бүтээн байгуулалтын үйлчилгээг МАЧ Энержи компанид үзүүлсээр ирсэн.

Тус баг нь уурхайн нүүрс олборлолт эхлэхээс хоёр сарын өмнө эхний нөхөн сэргээлтийг хийж эхэлсэн. 

Нөхөн сэргээлтийг цаг хугацаанд нь, зураг төслийн тооцооллын дагуу хийхэд багийн ажиллагаа болон чанарын хяналт чухал үүрэг гүйцэтгэснийг Тийссийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Питр Иорк онцолсон юм. 

Питр хэлэхдээ: “Бидний хийсэн нөхөн сэргээлтийг зөвхөн тоогоор илэрхийлэх нь өрөөсгөл юм. Эцсийн үр дүнг чанар, мөн газар ашиглалтад нийцсэн байдлаар үнэлэх нь чухал.

Үүнийг хэрэгжүүлэх, мөн байгаль орчны эрсдэлээс сэргийлэх, хувьсан өөрчлөгдөж буй эрх зүйн орчин нөхцөл болон орон нутгийн өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг шаардлага, хүлээлтэд нийцэж ажиллах, сайжруулах боломжуудыг тодорхойлохын тулд захиалагч компани болох МАЧ Энержитэй бид нягт хамтран ажилладаг. 
Бидний системчилсэн аргачлал нь өөрөө нөхөн төлждөг ой модны унаган экосистемийг сэргээхийн зэрэгцээ нөхөн сэргээлтээр салбартаа анхдагч шийдлүүдийг хэрэгжүүлэх зорилтдоо хүрэхэд бидэнд дэмжлэг болдог” гэв.

Та бүхэн “Нью Саут Уэльс дэх уурхайн нөхөн сэргээлт” сэдвийн хүрээнд 2021 оны 9-р сарын 8-нд онлайнаар зохион байгуулагдах вебинарт бүртгүүлэн оролцсоноор Маунт Плийзэнт уурхайд хэрэгжүүлж буй салбартаа тэргүүлэх нөхөн сэргээлтийн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт авах боломжтой. 

Тийсс компани нь 2022 оны 4-р сараас эхлэх 4.5 жилээр сунгасан гэрээ-ний дагуу Маунт Плийзэнт төсөлд уурхайн иж бүрэн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх бөгөөд үүнд нөхөн сэргээлтийн ажил багтсан. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm