2015 оны 1-р сараас Тийсс дэлхийн хамгийн том гэрээт олборлогч компанид тооцогдох болсон.

Манай компанийн уул уурхайн бизнес нь Тийсс, Лэйтон Контракторс, "HWE" болон Лэйтон Ази компаниудын түүх, туршлага, давуу талуудын нэгдэл юм. Уул уурхайн гэрээт олборлолтын үйлчилгээ үзүүлдэг энэхүү хүчирхэг компанийн үндэс суурийг анх 80 гаруй жилийн тэртээ уул уурхайн болон барилгын салбарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан Тийсс хэмээх домогт ахан дүүс тавьсан.

1940-өөд оны үед буюу Австрали Улсад эрчим хүчний хямрал нүүрлэсэн он жилүүдэд ах дүү Тийсс нар Куинслэнд болон Нью Саут Уэлс мужид орших нүүрсний томоохон ордуудыг ил аргаар олборлох шинэ технологийг нэвтрүүлсэн юм. Эрдэс баялгийн салбарт тэргүүлэх байр суурийг эзэлж чадсан Тийсс компани 1960-аад оны үед олон улсад хүрээгээ тэлж, Тийсс Пийбоди Мицуй компанийг байгуулан, Куинслэндэд өндөр чанарын коксжих нүүрс олборлон Япон Улс руу экспортлох болсон билээ.

1980-аад онд Тийсс компани Индонезид уул уурхайн ноу-хауг нэвтрүүлснээс хойш тус компанийн үйл ажиллагааны цар хүрээ олон улсад улам өргөжин тэлсээр байна.

Бид дан ганц уул уурхайн салбарт төвлөрөн ажиллаж байгаа хэдий ч бусад салбарт ах дүү Тийссийн гаргасан онцгой амжилтын үндэс болсон бүгдийг чадна гэсэн үзэл, мөн чанарыг өнөөг хүртэл уламжлан хадгалж ирсний үр дүнд бизнесээ олон улсад өргөжүүлэн тэлж, амжилттай ажиллаж байгаа билээ. Анх 1934 онд Дарлинг Даунс автозамын төсөлд гүйцэтгэгчээр ажиллан бизнесийн гараагаа даруухан эхэлж байсан ах дүү тав тун чиг удалгүй барилгын салбарт тэргүүлэгч байр сууринд хүрсэн. Тэд домогт бүтээн байгуулалтад тооцогдох Цаст уулын усан цахилгаан станц барих төслийн гүйцэтгэгч, үндэсний компаниар шалгарч байсан. Үүнээс хойш тус компани үндэсний хэмжээний томоохон компанид тооцогдох болж, далан, боомт, туннель, хурдны зам, нисэх онгоцны буудал, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга байгууламж барих томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд оролцох болсон.

Бид өнөөдөр дэлхийн олон бүс нутагт үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ ах дүү Тийссийн "анхдагч байх, шинийг эрэлхийлэх" хүсэл эрмэлзлийг ямагт бизнесийнхээ үндсэн үзэл баримтлал болгосон хэвээр байна.