Тийсс компани Эдмонтон хотод байрлах үндэсний оператор КМС Майнинг компанитай хамтарсан компани байгуулж, 2016 оны 10-р сараас эхлэн Канадиан Энержи компанийн захиалгаар газрын тос агуулсан элсний олборлолтын ажлыг хамтран гүйцэтгэхээр боллоо.

Энэ нь газарзүйн хувьд шинэ бүс нутаг төдийгүй газрын тос агуулсан элсний олборлолт нь Тийсс компанийн олборлож буй ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлсэн явдал болж байна.

Энэхүү гэрээний үр дүнд Тийсс - KMC  хамтарсан компани 840 сая хүртэлх Австрали долларын орлоготой ажиллахаар төлөвлөж байгаа юм. Тийсс компани ажлыг 51 сарын хугацаанд гүйцэтгэх бөгөөд Канад улсын Атабаска мужид хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллана.

CIMIC Группийн ТУЗ-ын дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Марселино Фернандез Вердез хэлэхдээ “Тийсс компани Канад улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь уул уурхайн хамгийн шилдэг, үр өгөөжтэй шийдэл бүхий үйлчилгээ үзүүлэх замаар үйл ажиллагаагаа дэлхийн бүс нутгуудад тэлэх, өргөжүүлэх стратегийг амжилттай хэрэгжүүлсний тод илрэл боллоо.

Үйл ажиллагаагаа шинэ бүс нутагт эхлүүлж, олборлох ашигт малтмалын нэр төрлийг нэмэгдүүлснээр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн түвшний уул уурхайн гэрээт олборлогч Тийсс компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно. Энэ нь бидний хувьд чухал ололт юм” хэмээн онцолсон юм.

Тийссийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ: “Канад улсад үйл ажиллагаагаа эхлүүлэхийн сацуу үйл ажиллагааны цар хүрээгээ шинэ бүс нутагт тэлж, Канадын зах зээлд уул уурхайн үйлчилгээг санал болгож хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Бид KMC компанитай хамтран орон нутгийн чадавхи болон дэлхийн түвшний уул уурхайн мэдлэг туршлагыг хослуулсан цогц үйлчилгээг санал болгож хэрэгжүүлнэ”.

“KMC бол Канадын уул уурхайн салбарын томоохон гэрээт гүйцэтгэгчдийн нэг бөгөөд газрын тос агуулсан элс олборлолтын талаар арвин мэдлэг туршлагатай компани юм. Үүнийг бүс нутгуудад хуримтлуулсан Тийссийн туршлага, тоног төхөөрөмжийн удирдлага, мэргэжлийн ур чадвар, чадавхитай хослуулснаар  бидний ирээдүйн амжилтын нэгэн чухал суурь тавигдана гэдэгт итгэлтэй байна” гэв.