Тийсс компани жаран хувийг нь эзэмшдэг Мажвэ Майнинг хамтарсан компани Ботсван улс дахь Дебсвана Даймонд компанийн Жваненг уурхайд 2 жилийн хугацаанд ажил гүйцэтгэх шинэ гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний үр дүнд 370 сая австрали долларын орлоготой ажиллах бөгөөд Тийсс Ботсван компани нь Жваненг уурхайд явуулж байгаа үйл ажиллагааг үргэлжлүүлж, Басил Рийд Майнинг Ботсван болон Ботакга Бурроу Ботсван компанитай хамтран 2018 оны эцэс хүртэл олборлолтын ажил гүйцэтгэнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх Захирал Адолфо Валдерас хэлэхдээ: “Энэ гэрээг байгуулсан нь Тийсс компани үндэсний тэргүүлэх оператор компаниудтай хамтран үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, уян хатан шийдлүүдийг захиалагчиддаа санал болгож амжилттай хэрэгжүүлдэг болохыг нотлон харуулсан явдал боллоо” гэв.

Тийссийн Ерөнхий Захирал Майкл Райт: “Тийсс компанийн олборлолтын болон техникийн үйлчилгээний багууд Жваненг уурхайд амжилттай ажилласны үр дүнд энэхүү гэрээг байгуулж, тус уурхайд үргэлжлүүлэн ажиллах болсондоо баяртай байна. Бид Жваненг уурхайг өргөтгөх төслийн ажлыг гүйцэтгэж, уурхайн инженерчлэл болон машин техникийн удирдлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Ботсван улсад ажиллаж буй баг хамт олны ур чадварыг сайжруулж, туршлагажуулахад анхаарч ажиллах болно” хэмээн онцолсон байна.

Мажвэ Майнинг хамтарсан компани нь Жваненг уурхайд 2011 оноос эхлэн олборлолтын үйл ажиллагаа явуулж, уурхайн төлөвлөлт, өрөмдлөг,  тэсэлгээ, ачилт, тээвэрлэлт, машин техникийн засвар үйлчилгээ, захиалагчийн эзэмшдэг цахилгаан экскаватор, хүнд даацын автосамосвал болон уурхайн бусад машин техникийн баазын  хяналт, удирдлагын ажлыг хариуцан ажиллаж байна.

Жваненг уурхай нь дэлхийд нөөцөөрөө дээгүүрт ордог алмазны уурхай билээ. Дебсвана Даймонд компани нь Бүгд Найрамдах Бовсван Улсын Засгийн Газар болон Де Беерс Группийн хамтарсан компани юм.