Тийсс компани Куинслэнд мужийн Боуэны сав газарт орших Лэйк Вермонт нүүрсний уурхайн төслийн  гэрээг сунгасан бөгөөд нэмэлт гэрээний хүрээнд Нүүрс угаах, баяжуулах үйлдвэр (НУБҮ)-ийн нүүрс баяжуулах нэмэлт шугам/модулийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэж, орлогыг 30 сая доллараар нэмэгдүүлэх боломжтой боллоо. 

Тус модулын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт болон ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг Сэджмэн компани хариуцан гүйцэтгэж, 2017 оны эцэст дуусгахаар төлөвлөсөн. Гэрээний үлдсэн хугацаанд Тийсс компани энэхүү модулийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллана. 

CIMIC Группийн ТУЗ-ийн Дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал Марселино Фернандез Вердес хэлэхдээ: “Тийсс болон Сэджман компани салбартаа тэргүүлэх үр дүнд хүрэхэд ямагт анхаарч ажилладаг болохыг захиалагчидтай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаа нотлон харуулж байна”.

“Лэйк Вермонт уурхайн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр болсон нь CIMIC Группийн чадавхи болон Тийсс, Сэджман компаниудын шилдэг туршлага, чадавхийг үнэлсэн явдал боллоо” гэв.

Сэджмэн компанийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Майкл Каррета хэлэхдээ: “Тийсс болон Сэджмэн компаниуд 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллахдаа захиалагчдадаа ямагт шинэлэг шийдлийг санал болгож хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд үүнийгээ ч цаашид үргэлжлүүлэх болсонд баяртай байна” хэмээн онцолсон юм.

Тийссийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ: “Лэйк Вермонт уурхайн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхдээ Тийсс болон Сэджман компаниуд мэдлэг туршлагаа хослуулахын сацуу Жэллинба Группийн уурхайн олборлолтын гарцыг сайжруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх шийдлийг гаргаж, хэрэгжүүлэхийг зорих болно” гэв.

Тийсс-Сэджмэн хамтарсан компани НУБҮ-ийг Жэллинба Группийн захиалгаар 2007 онд байгуулж, 2012 онд өргөтгөл хийсэн. Тийсс компани Лэйк Вермонтын уурхайд 2008 оноос хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.