Өнгөрсөн долоо хоногт Тийсс болон Фортескью Металс Групп (Фортескью)-ийн санаачилгаар Рөүборн тосгоны ахлах сургуулийн авьяаслаг арван сурагч Фортескью Группийн Соломоны уурхайд зочлон, автосамосвалын тэвшний гадна хананд үндэсний хээ угалзыг зурцгаасан байна.

Тэвшний хоёр тал тус бүрдээ 2.9 метр өндөр, 8 метр өргөн бөгөөд тэвшний гадна хананд Рөүборн тосгоны Маунт Вэлком толгод болон Баруун Австралийн энэхүү тосгоны дундуур урсах голуудыг билэгдэн дүрсэлжээ.

Австрали, Номхон далайн бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагааг хариуцсан Тийссийн ерөнхий менежер Спенсер Хосе хэлэхдээ: “Фортескью Групп болон нутгийн иргэдтэй хамтран урлагийн энэхүү ер бусын бүтээлийг танилцуулж  байгаадаа баяртай байна”.

“Ачааны машин дээр зурсан хээ угалз нь Рөүборн тосгоны өнгөрсөн, одоо, ирээдүйг билэгдэж байгаа юм".

“Энэхүү шинэлэг санал, санаачилгын хүрээнд онолын мэдлэг, техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадвараа төслийн талбайд бодитоор ашиглах боломжийг хүүхдүүдэд олгосон нь тэдний сурч мэдэх хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжсэн үйл явдал боллоо” гэв.

Фортескью Группийн Гүйцэтгэх Захирал Нэв Паавэр хэлэхдээ “Фортескью Групп нь орон нутагт ач холбогдол бүхий санал санаачилгыг дэмжих замаар нутгийн ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилладаг билээ”.

“Бид сурагчдыг Соломон төслийн талбайд урьж, авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэдэнд олгохын сацуу уурхайн ажлын үнэ цэнийг мэдрэх, бодит мэдээлэл авах боломж олгосондоо баяртай байна”.

Сурагчдын зурсан урлагийн бүтээлээр гоёсон автосамосвалыг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн олборлолтын үйл ажиллагаанд дахин ашиглана.

CIMIC Группийн харьяа, уул уурхайн гэрээт олборлогч Тийсс компани 2011 оноос хойш Соломон Хаб уурхайд машин техникийн засвар үйлчилгээ, бие даасан шийдэл гаргах, боловсруулалтын бус дэд бүтцийн менежмент хийх зэрэг ажлуудыг хариуцан ажиллаж байна. 

Соломон Хаб уурхай нь Зүүн Гурума, Ийнджибарнди иргэдийн уугуул нутагт оршдог. Файэртэйл болон Кингс Валлейн ордын бүсэд орших Соломоны уурхайгаас жилд 72 сая тонн төмрийн хүдэр олборлон гаргадаг.