Хантерын хөндийд орших Маунт Оуэны уурхайд Гленкор компанийн захиалгаар гүйцэтгэж байгаа ажлын нэмэлт гэрээг байгуулсны үр дүнд бид 140 сая австрали долларын үнийн дүнтэй ажлыг нэмж гүйцэтгэхээр боллоо. 

Маунт Оуэны уурхай нь Нью Саут Уэльс мужид Тийсс компани нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж буй хамгийн том уурхай юм.

Нэмэлт гэрээ байгуулснаар Тийсс компани нь Гленкор компанид шинээр олгогдсон бүтээн байгуулалтын зөвшөөрлийн хүрээнд тус уурхайд олборлолтын ажлыг нэмж гүйцэтгэхээр боллоо. Шинэчлэгдсэн гэрээний дагуу бид 2021 оны 6-р сар хүртэлх хугацаанд уурхайн төлөвлөлт, зураг төсөл, гүйцэтгэл, өрөмдлөг, тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт: “Тус нэмэлт гэрээг байгуулсан нь Тийсс компанийн хувьд Маунт Оуэний уурхай төслийн захиалагч Гленкор компанийн үнэ цэнийг өсгөх шийдлүүдийг хэрэгжүүлэн, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилтыг баталгаажуулсан, мөн түүнчлэн Хантерийн хөндийд гурван уурхайд үйлчилгээ үзүүлж буй манай компанийн байр суурийг бататгасан үйл явдал боллоо” хэмээн тэмдэглэн хэлсэн байна.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Тийсс 1994 онд Маунт Оуэний уурхайг анх байгуулж байсан бахдам түүхтэй. Бид өнөөдөр дэлхийн түвшний уул уурхайн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ажлыг аюулгүй, бүтээмжтэйгээр гүйцэтгэхийг зорин ажиллаж байна” гэж онцлов.