Маунт Оуэн уурхайн хамт олон сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч байна

Огноо
Аравдугаар сар 30, 2018
Ангилал
  • ХАБЭАБО
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

“Сэтгэцийн өвчин хэнд ч тохиолдож болно. Харин тусламж, зөвлөгөө авахаас санаа бүү зов!”

 

Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх ийнхүү зөвлөж байна. Маунт Оуэн уурхайд зохион байгуулсан, Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах долоо хоногийн аяны хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөх Крэйг Хэмилтон урилгаар ирж ажиллан, сэтгэцийн өвчний талаар ажилтнуудтай нээлттэй ярилцан, хувь хүний болоод хамт олны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдлыг таниулах ажил хийлээ. 

Хантерийн хөндийд төрж өсөн, ажлын гараагаа нүүрсний гүний уурхайгаас эхэлж байсан Крэйг рэгбигийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн уралдаан, рэгбигийн үндэсний болон олон улсын лиг, мөн крикетийн тоглолтуудыг хөтөлж өөрийн дуу хоолой, ур чадвараар олонд танигдсан, Австралийн үндэсний телевиз, радиогийн ABC сувгийн алдарт хөтлөгч юм.

2000 оны Олимпийн наадмын өмнөх өдөр түүнд сэтгэцийн хэвийн бус шинж тэмдэг илэрч, сэтгэл цочирдлын “2 туйлт эмгэг” өвчтэй хэмээн оношлогджээ.

Тэрээр Австралид болон олон улсад борлуулагдсан “Broken open” хэмээх дурдатгал номондоо энэ тухай өгүүлж байсан билээ.

Нээлттэй ярилцах

Маунт Оуэний уурхайд ажиллах хугацаандаа тэрээр нэг удаад 100-с олон тооны ажилтныг хамруулсан 4 удаагийн сургалт зохион байгуулж, сэтгэцийн өвчинтэй холбоотой өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлийн талаар илэн далангүй ярилцсан юм.

Крэйг хэлэхдээ “Уул уурхайн салбар нь эрчүүд давамгайлсан салбар”.

“Ажилтнууд бие биенээ шоглох, тоглох үзэгдэл ч их байдаг, тиймээс зарим зүйлсийг тоолгүй өнгөрөөж чаддаг байх хэрэгтэй. Санаа зовоож байгаа зүйлсийнхээ талаар эрчүүд ихэнх тохиолдолд ярьдаггүй”.

“Уурхайн баг хамт олонтой туршлагаа хуваалцах, тэдэнтэй нээлттэй харилцах зорилгоор миний бие тэнд очсон. Би тэдэнтэй адил, нэг салбарт ажиллаж байсан учраас уурхайн сайтын ажил, амьдралыг сайн мэддэг. Сэтгэцийн хувьд асуудалтай байх нь ямар хүнд байдгийг ч мэднэ” гэв.

Крэйгийн ярианы гол сэдэв нь хэрхэн нээлттэй байж, хэрхэн тусламж эрэлхийлэх арга замуудыг зааж өгөхөд чиглэгдэж байлаа.

“Миний хувьд энэ асуудлыг зайлшгүй хөндөж ярилцах шаардлагатай байсан. Ийм ч учраас ажилтан өөртөө болон найз нөхөд, хамтран ажиллагсдад хэрхэн анхаарал тавих сэдвийг онцлон ярьсан” хэмээн Крэйг өгүүлсэн юм.

Мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх

Мөн тэрээр:

  • Сэтгэл гутралд орсны шинж тэмдгийг хэрхэн таних 
  • Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаа хүн (хамт ажилладаг хүн, найз нөхөд, гэр бүлийн гишүүн)-тэй хэрхэн ярилцах
  • Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл амьдралыг хэвшүүлэхийн тулд амьдралын хэв маягаа хэрхэн өөрчлөх зэрэг олон зүйлсийн талаар ярилцсан.

Тэрээр өөрийн дагаж мөрддөг эрүүл амьдралын төлөвлөгөөг жишээ болгон танилцуулахын зэрэгцээ биеийн эрүүл мэнд сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөө үзүүлдэг болохыг онцлон тайлбарласан. Эрүүл байхын тулд:

  1. Зөв зохистой хооллох
  2. Хангалттай унтаж амрах 
  3. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх 
  4. Согтууруулах ундааны хэрэглээг багасгах 
  5. Тамхи татахгүй байх
  6. Иог, бясалгалаар хичээллэх
  7. Стрессийг хянах, хязгаарлах шаардлагатай.

Мэдлэг, боловсролтой байх

Маунт Оуэн уурхайд Крэйг дөрвөн жилийн өмнө ирж байсан бөгөөд энэхүү дөрвөн жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн талаар уурхайн ажилтнуудын ойлголт, мэдлэг эрс өөрчлөгдсөнийг  ажигласан.

“Би уурхайн сайтад очиж ажиллахдаа, хүмүүсээс “сэтгэл гутралд орж байсан эсвэл тийм байдалд орсон хэн нэгнийг мэддэг бол гараа өргөнө үү?” гэж асуудаг. Маунт Оуэн уурхайд анх очих үед, энэ асуултын хариуд хоёрхон хүн гараа өргөж, цөөн хүн асуулт асууж байсан”.

“Харин энэ удаад бараг бүх хүн гараа өргөсөн бөгөөд маш олон асуулт асууж байсан. Энэ нь хүмүүс энэ тухай сайн мэддэг, маш их мэдээлэлтэй болсны илрэл юм” гэв.

Дэмжиж тусалдаг байх

Тэрээр Тийссийн адил олон байгууллага ажилтнууддаа хандсан үйл ажиллагаа явуулж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

“Миний хувьд компаниуд ажилтнууддаа ийм хөрөнгө оруулалт хийж байгаа нь гайхалтай санагдаж байна. Энэ нь аливаа асуудал үүссэний дараа бус, харин түүнээс урьдчилан сэргийлж, сургаж, таниулах арга хэмжээ авдаг болсны илрэл юм”.

“Ажилтнууд ч эрүүл саруул байх аргуудын талаар мэдлэг мэдээлэлтэй болно. Үүнтэй зэрэгцэн сайтын ёс суртахуун ч нэмэгдэж, компани тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаардаг гэдгийг ч олж харах, мэдрэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ нь ажилтанд ч, ажил олгогчид ч ач холбогдолтой зүйл” хэмээн Крэйг онцлон хэлэв.

Хэрэв танд эсвэл таны мэдэх хэн нэгэнд тусламж хэрэгтэй бол:

  • Lifeline хуудсанд хандаж эсвэл 13 11 14 гэсэн утсаар холбоо барьж болно
  • Beyond Blue сайтад хандаж эсвэл 1300 22 4636 гэсэн утсаар холбоо барьж болно
  • ийссийн Ажилтанд Туслах Хөтөлбөр (АТХ) -т хамрагдах эсвэл 1800 056 076 (24 цагийн аль ч үед холбогдож зөвлөгөө авах боломжтой) утсаар холбоо барьж эсвэл http://www.gryphonpsych.com.au сайтад хандаж болно.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm