Брэндон уугуул иргэдийн оролцоог дэмжих ажлыг удирдаж байна

Огноо
Хоёрдугаар сар 01, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Сургалт хариуцсан мэргэжилтэн Брэндон Поллард нь 2018 оны 2 сараас эхлэн Лэйк Вермонтын нүүрсний уурхайн төслийн хэмжээнд Олон талт байдал, оролцоог дэмжих үйл ажиллагааг удирдан ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүний хувьд мэргэжлээрээ өсөн дэвшихээс ч илүү өргөн хүрээнд сурч мэдэх, хөгжих боломжийг нээж өгсөн байна.

 

Энэхүү үүрэгт ажлыг хариуцсанаар тэрээр уугуул иргэдийн ёс заншил, өв соёлын талаар ажлын хамт олон төдийгүй илүү олон хүнд таниулж, сурталчлах сайхан боломж нээгдсэн юм.

Брэндоны аав Күинслэндийн Исаакийн тал нутаг дах Клермонтоос гаралтай уугуул иргэн юм. Брэндон уугуул иргэдийн суурьшдаг Небо хотод бага насаа өнгөрөөсөн тул уугуул иргэдийн түүх, соёлын тухай олон сайхан дурсамжийг гэр бүлийнхэн болон бусад уугуул иргэдээс сонсож өссөн.

“Бяцхан хүү байхаасаа л өвөг дээдсийнхээ агуу соёл, үндэс угсааны талаар сонирхолтой түүх олныг сонсож өссөн нь уугуул иргэд болон Торрэс Стрэйт арлын оршин суугчдын талаар илүү ихийг сурч мэдэх хүслийг улам бүр бадраасан юм,” хэмээн Брэндон дурджээ.

Тэрээр “Уугуул иргэдийн соёл гэдэг нь өнөө үед зайлшгүй сурталчлан таниулж, нандигнан дээдлэх ёстой зүйл гэж би боддог.” Гэжээ.

Найман жилийн өмнө Лэйк Вермонтын уурхайн төсөлд хүнд даацын тоног төхөөрөмжийн оператор, шалгагч багшаар ажиллаж эхэлсэн ба өдгөө сайт дах бусад сургагч багш нарыг сургаж, бэлтгэх үүрэг бүхий Сургалт хариуцсан мэргэжилтэн болтлоо өсөн дэвшсэн юм.

Сайтад Олон талд байдал, оролцоог дэмжих үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө буюу 2017 онд Лэйк Вермонт уурхайд хэрэгжүүлж байсан “Уурхайн салбар дах эгч дүүс” хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцон ажиллах саналыг хүлээн авсан.

“Энэ оны эхэнд “Уурхайн салбар дах эгч дүүс” хөтөлбөрийн ажлаа дууссаны дараа Олон талт байдал, оролцоог дэмжих үйл ажиллагааг удирдах энэхүү үүрэгт ажлыг хариуцуулахаар Хүний нөөцийн зүгээс санал тавьсан. Энэ саналыг би баяртай хүлээн авсан.”

Сайтад ажиллаж буй ажилтнууд Олон талт байдал, оролцоог дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй Тийссийн бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн тохиолдолд хамгийн түрүүлж Брэндонтой уулзаж ярилцдаг болсон. Мөн тэрээр олон талт байдал, оролцоог дэмжих хүрээнд санал гомдол хүлээн авах эсвэл илүү нөөц, материал болон дэмжлэг шаардлагатай нэгэнд туслах дотнын зөвлөгч болдог юм.

Брэндон хэлэхдээ: “Энэ ажил үүргийг хариуцан, сайт дах олон талт байдлыг хүмүүст зөвөөр ойлгуулж, эерэг хандлага, орчин бүрдүүлэн ажиллахдаа туйлын баяртай байна. Хүн бүр өөртөө итгэлтэй, гүйцэтгэж буй ажилдаа дур сонирхолтой байвал илүү сайн гүйцэтгэлтэй ажиллах болно” гэжээ.

НАЙДОК 7 Хоног болон Үндэсний эв нэгдлийн долоо хоног зэрэг тэмдэглэлт баяруудын үеэр Брэндон олон талт байдал, оролцоог дэмжих бодлого, зорилтыг сайтад ажиллаж буй хүн бүрд таниулахад онцгойлон анхаардаг. Амралтын дараах уулзалт хурлууд, сайтын хамт олны зугаалга, өглөөний цайны цагаар Брэндон илүү олон хүний санаа бодлыг сонсож, эдгээр баяруудын талаар ярилцах боломж бүрддэг.

Тэрээр өнгөрсөн жил НАЙДОК 7 Хоногийн баярын үеэр орон нутгийн Дисарт дунд сургуульд зочилж, илтгэл тавьсан.

“НАЙДОК 7 Хоногийн баярын үеэр илтгэл тавихаар тус сургуульд уригдаж, Уугуул иргэд, Торрэс Стрэйт арлынхны ёс заншил, өв соёлын талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байгааг үзэж танилцсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.”

Ялангуяа Брэндон болон сайтын зарим ажилтнууд сурагчдын дунд зохиогдсон зургийн уралдааныг шүүж, ялагчийг тодруулан, Тийссийн үүргэвчээр шагнасан нь тун чиг сонирхол татам байлаа.

Австрали улсын өнцөг булан бүрд аж төрж буй уугуул иргэдэд дэмжлэг үзүүлэхэд уугуул эмэгтэйчүүд болон Торрэс Стрэйт арлын оршин суугч эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлэх, олон нийтэд сурталчлах, цаашид тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд энэ жилийн баярыг “Эмэгтэйчүүд биднийг амжилтад хөтөлнө” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Илтгэлийн үеэр тэр ээжийнхээ тухай, ээжээсээ сурсан чухал зүйлс амьдралд нь хэрхэн ач тусаа өгсөн талаар дурдсан юм.

“Ээжийнхээ сургаал, дэмжлэггүйгээр би энэ хэмжээний амжилт, амьдралд хүрэхгүй байх байсан” гэжээ.

Мөн бусдыг хүндлэх, түүний ач холбогдлын талаар сурагчдад тайлбарласан.

“Нас хүйс, үндэс угсаа, өв соёлын онцлог, ялгаатай байдлаас үл хамаарч хүн бүр хүндлүүлэх эрхтэй.”

Олон талт байдал оролцоог дэмжих үйл ажиллагааны хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, ажилтнуудыг энэхүү үйл ажиллагаанд түлхүү хамруулах арга замуудыг тодорхойлох хүрээнд Тийсс компанийн бусад салбар, төслүүдэд энэ чиглэлийг хариуцаж буй удирдах ажилтнуудтай хамтран ажиллаж байна.

Тийсс компани Уугуул иргэд буюу Торрэс Стрэйт арлын оршин суугчдыг ажлын байранд төдийгүй бүхий л хүрээнд дэмжих зорилгоор Уугуул иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөр (УИОДХ) боловсруулан хэрэгжүүлж байна.

Бид Брэндон Поллард зэрэг хүмүүсийн тусламжтайгаар, УИОДХ-ийг хэрэгжүүлэх замаар уугуул иргэдийн оролцоог дэмжиж, тэдний соёл, ёс заншлыг хүндэтгэж, урт хугацааны харилцаа тогтоож ажиллах нь бизнесийн нэгээхэн чухал хэсэг гэдгийг ажилтнууддаа ойлгуулахыг зорьж байгаа юм.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm