Клонтарфийн хүүхэд залуусыг амжилтад хөтөлж байна

Огноо
Арван нэгдүгээр сар 14, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компани нь уугуул иргэдийн залуу үеийн төлөөлөл болон Торрес Стрэйт арлын оршин суугч залууст боловсрол эзэмшүүлэх, сургаж хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах, тэдэнд өөртөө итгэх итгэлийг бий болгоход туслах хүрээнд Клонтарф сантай хамтран ажиллаж байна. 

 

Клонтарф сантай үндэсний хамтын ажиллагааг эхлүүлсэн тухай энэ оны эхээр зарласнаас хойш Тийсс компани сургалтын байгууллагуудтай холбоо харилцаа тогтоох, боловсрол олгох, ажлын байраар хангах замаар залууст боломжийг нээж өгөхөд анхаарч ажиллаж байна.  

Бүс нутгийн ажил эрхлэлтийг дэмжих чуулган

Тийсс компани дунд сургуулийн сурагчдыг Түүвүүнба, Таунсвил  болон Ньюкасл хотуудад зохион байгуулагдсан Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийн чуулганд оролцож, мэргэжил сонголтын талаар мэдлэг мэдээлэл авахад тусаллаа.    

Клонтарф мужийн 11 болон 12-р ангийн сурагчдыг дадлагажигчдын, төгсөгч оюутнуудын болон амралтаараа суралцах хөтөлбөр зэрэг Тийссийн сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдтэй танилцууллаа.  

Тус чуулган нь Клонтарф сантай хамтран ажиллагч байгууллагууд дах ажлын байрны талаар нутгийн залууст мэдлэг мэдээлэл олгох, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Бизнесийн үйл ажиллагаатай танилцуулав

Клонтарфын сурагчид Куинслэнд болон Нью Саут Уэльс мужид Тийссийн үйл ажиллагаа явуулж буй уурхайд зочлон ажлын бодит нөхцөлтэй танилцсан.

Клонтарфын Далби болон Варвик академийн сурагчид Брисбэний Саут Банк дүүрэгт байрлах Тийссийн төв оффист хоёр өдөр ажиллаж дадлага хийлээ. 

Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Мэхмэт Доктан ба Автоматжуулалт хариуцсан менежер Трэнт Смит нар уурхайн инженерчлэл болон алсын удирдлагаар ажилладаг технологийн тухай сонирхолтой мэдээллийг хуваалцсан юм. 

Сургалтын ахлах мэргэжилтэн Шаннон Тонгэс нь Харристаун академийн 7-р ангийн сурагчдад Тийссийн “Дарра” агрегат үйлдвэрлэлийн төвийг танилцуулсан.  Тийссийн дадлагажигч ажилтнууд тэдэнтэй өдөр тутмын ажил үүргийн талаар, мөн тэдний өмнө нээлттэй байгаа ажил мэргэжлийн боломжуудын талаар ярилцсан юм. 

Маунт Оуэн дэх хамт олон Синглтон болон Ньюкаслын ахлах сургуулийн сурагчдыг сайтад хүлээн авлаа. Сурагчид засварын төвтэй танилцсаны зэрэгцээ төслийн талбайд ажиллах нь ямар байдгийг бодитоор мэдэрч, ил уурхайн талаар ойлголттой болсон.  

Маунт Оуэн уурхайн ажлын талбарт ажиллав

Клонтарф Синглтон Академийн сурагч Жори Кэннэди Жөүнс өнгөрсөн 3-р сард Маунт Оуэн уурхайд нэг долоо хоногийн хугацаанд ажиллаж дадлага хийсэн.  

Жори хэлэхдээ "Засварчин болох миний хүслийг улам бүр хурцалж өгсөн болохоор Тийсст ажиллах маш их таалагдсан. Ажлын байранд дадлага хийх явцдаа би, уул уурхайн хүнд даацын машин техникийг ажиллагаатай байлгахад шаардагдах засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны талаар чамгүй ойлголттой болсон” хэмээн онцоллоо.

Маунт Оуэн уурхай дах манай хамт олон Клонтарфын сурагчдыг сургуулийн амралтаар богино хугацаанд ажиллуулах, дадлагажуулах ажлыг хийж, тэднийг дэмжсээр ирсэн. 

Тоглоом тоглов 

Куинслэнд болон Нью Саут Уэлс дэх манай баг хамт олон нь хүүхэд залуусын боловсролыг дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, хувь хүний хөгжлийг хангах зорилгоор спортын арга хэмжээ зохион байгуулах, чиглүүлэн сургах чиглэлээр Клонтарф Сантай хамтран ажиллаж байна.

Брисбэн дэх багийн гишүүд болох Ронни Лотон, Жэймс Пэррэтт нар Албион хотод орших Аллан Бордэр крикетийн талбайд 2019 онд зохион байгуулагдсан Клонтарф Брисбэн Крикетийн тэмцээнд оролцсон. Тус үйл ажиллагаа нь хамтрагч байгууллагуудын төлөөлөлтэй цагийг хамт өнгөрөөх боломжийг зүүн өмнөд нутгийн сургуулиудын сурагчдад олгосон.

Нью Саут Уэлс мужийн 500 гаруй сурагчид Сиднэй хотод зохион байгуулагдсан Рос Келли регбигийн лигийн аварга шалгаруулах тэмцээний ёслолын карнавалд оролцсон. Ахлах сургуульдаа идэвх оролцоо, сурлага хүмүүжлээрээ шалгарч, бусдадаа үлгэр дуурайлал үзүүлсэн шилдэг сурагчдыг жил бүр зохион байгуулагддаг тус карнавалд оролцуулдаг юм.  

Тийссийн төлөөлөгчид ёслолын оройн зоогт оролцон, шилдэг сурагчдад баяр хүргэж тус арга хэмжээнд дэмжлэг үзүүллээ.  

Залуусыг ажлын байраар хангана 

Хантерийн хөндийн уурхайн хамт олон 2020 онд Клонтарф академийн 3 сурагчийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байна.  

Синглтон академийн сурагчид MIGAS - Дадлагажигчдыг элсүүлэх хөтөлбөрт 2020 онд хамрагдахаар болсон бөгөөд тэд Маунт Артур болон Маунт Оуэн дэх манай хамт олонтой мөр зэрэгцэн ажиллах юм.   

“Орон нутагтаа хүссэн ажилдаа орох боломж нээгдсэний ачаар би Нью Саут Уэлс дэх уурхайн компанид Машин техникийн засварчнаар ажиллахаар болсондоо үнэхээр баяртай байна” хэмээн Клонтарф академийн сурагч Блэйр Триэси сэтгэгдлээ хуваалцлаа.  

Куинслэнд мужаас Клонтарф академийн 3 сурагч Тийссийн дадлагажигчдыг дэмжих хөтөлбөрийн 2020 оны элсэлтийн дараагийн шатанд тэнцсэн байна. Эдгээр сурагчдад амжилт хүсье!   

Манлайлагчид 

Бид энэхүү түншлэлийг ажилтнуудынхаа тусламж дэмжлэггүйгээр үргэлжлүүлэх боломжгүй. Энэхүү хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох, эдгээр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Шаннон Тонгес, Лианн Жонсон, Фил Бэйкэр, Матт Кинг, Викеш Маган, Жэймс Армстронг, Роб Ниц, Роберт Мунро, Саймон Дорвард болон Карли Дибэн нарт онцгойлон талархал илэрхийлье. 

Бид цаашид хамтын ажиллагааг Хойд Бауэний сав газар болон Баруун Австралийн бүс нутагт өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэдгээр бүс нутгийн Академиудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааны суурийг тавих ажлыг эхлүүлээд байна.

Та бүхэн Клонтарф сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл clontarf.org.au вэб хуудсанд зочлох эсвэл хамтын ажиллагааны тухай видеог үзнэ үү. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm