Дадлагажигч мэргэжилтэн олон улсын туршлагаа хуваалцаж байна

Огноо
Арван нэгдүгээр сар 01, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Алэкс Жонс - сургуулиа дөнгөж төгсөн, данс тооцооны дадлагажигч мэргэжилтнээр томилогдож байснаас эхлэн алс холын сафарид гадаад мэргэжилтнээр томилогдон ажилласан туршлагаасаа хуваалцав. 

 

Брисбэн дэх төв оффист санхүүгийн шинжээчээр ажиллаж буй Алэкстай танилцана уу. Тэрээр  CIMIC Группийн хэрэгжүүлдэг Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт хамрагдан 2 жилийн өмнөөс Тийсс компанид ажиллаж эхэлсэн юм.   

Санхүүгийн дадлагажигч мэргэжилтнээр ажилд орж байсан тэрээр Тийсс компанийн 3 салбар болох Лэйк Вермонт төсөл, Брисбэн дэх төв оффис, хамгийн сүүлд Өмнөд Африкийн Иоханэсбург хотод байрлах оффист хуваарилагдан дадлага хийсэн.  

Гадаадад томилогдон ажиллах сүүлийн дадлагаа амжилттай дуусгахад түүний эрч хүчтэй, адал явдалд дуртай, сониуч зан чанар их тус болсон.   

Ажиллах явцдаа Мозамбик, Кэйп Таун, Дурбэн, Эсватини, Кругер болон Пиланесберг зэрэг газруудад очиж үзэх, аялах боломж олдсонд тэр үнэхээр их баяртай байсан.  

“Миний хувьд үнэхээр гайхалтай туршлага боллоо. Өмнөд Африкийн соёл, ёс заншилтай танилцаж, байгалийн үзэсгэлэнт газруудад очиж үзэхэд маш сайхан санагдсан” хэмээн Алэкс дурссан юм. 

Гоулд Көүст дүүрэгт төрж, өссөн тэрээр “Гриффит” их сургуулийг Нягтлан бодогч, санхүүч мэргэжлээр Худалдааны бакалавр зэрэгтэй төгссөн. Алэкс одоо Мэргэшсэн нягтлан бодогчийн чиглэлээр сурч байгаа бөгөөд магистрын зэрэг эзэмших төлөвлөгөөтэй байна. 

Бид Алэкстай уулзан, шинэ төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт хамрагдах болон хамрагдсанаас хойших үеийн амьдралынх нь тухай ярилцсан юм. 

Тийсст ажиллахад юу нь таалагдаж байна вэ?

Боломж олгодог нь, бас хүмүүс нь. 

Томилогдон ажилласан ажлын өөр өөр орчныг харьцуулбал?

Сайтаас төв оффист, дараа нь тэндээс гадаад улс оронд ажилласан. Эдгээрийг хооронд нь харьцуулж хэлэхэд хэцүү, учир нь тэдгээр орчин хоорондоо маш ялгаатай. Гэхдээ хаа ч очсон хүмүүс нь хамт ажиллахад гайхалтай байдлаараа төстэй байсан.

Тус хөтөлбөр нь суралцах, хөгжих чиглэлээр ямар боломжуудыг олгосон бэ?

Өмнөд Африкт ажиллаж, амьдран, компанийн үйл ажиллагаатай танилцах боломжийг хүлээн авсандаа баяртай байснаас гадна энэ нь миний хувьд том сорилт болсон.

Төв Күинслэндэд орших сайтад ажиллаж байхдаа бараг бүх хэлтэстэй хамт ажиллаж, уурхайн сайтад үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар ойлголттой болох завшаан тохиосон. Тэр бүх зүйлс миний хариуцдаг тооцоо, санхүүтэй хэрхэн уялдан, холбогдож байгаа нь тун сонирхолтой байсан.  

Хөтөлбөрт хамрагдсанаар таны сурч, мэдэж авсан хамгийн чухал зүйл юу байсан бэ?

Африкт ажиллаж байхдаа олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олноос үнэлж баршгүй их зүйлсийг сурч, мэдэж авсан.

Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт хамрагдаж, үйл ажиллагааны болон чиг үүргийн ялгаатай  хэлтсүүдэд орж ажилласнаар өөрийн ажил үүргийг илүү том хүрээнд харж, энэ компанид хэрхэн үнэ цэнийг бий болгож чадах вэ гэдэг талаар ойлголттой болсон.

Ажлаас гадуур юу сонирхдог вэ?

Ажлаа хийх үед хангалттай олон цагийг дэлгэц харж өнгөрүүлдэг болохоор би гадаа хийж болох бүх зүйлд дуртай.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm