Бэнжамин Осэй Акото – Төслийн Менежер

Огноо
Аравдугаар сар 15, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Амьдралынхаа туршид сурч мэдэхийг хүссэн эрмэлзэл, өөрчлөлтөд дасан зохицох уян хатан чанар нь Гана Улсад төрж өссөн Бэнжамин Осэй Акотогийн хувьд өнгөрсөн арван жилийн турш Австралийн уул уурхайн салбарт амжилттай ажиллах суурь нь болсон. Одоо тэрээр Африкийн залуу инженерүүдийг ирээдүйн замд нь чиглүүлж, туслалцаа үзүүлэх ажил хийж байна.

 

Тэрээр Гана Улсын Квамэ Нкрума Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Уул уурхайн инженерийн ангийг бакалаврын зэрэгтэй төгсөж, Африкт хэрэгжсэн иргэний барилгын болон уул уурхайн хэд хэдэн төсөлд ажиллаж байгаад 2008 онд Австралид ирсэн юм.     

Бэн эхэн үедээ захиалагч компанид ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэгч компанид ажиллах боломжийг эрэлхийлж байв. Бэнийн хүсэж байсан боломж 2012 онд тохиож, Тийсс компани түүнд Австралийн өмнөд хэсэгт орших Проминент Хилл төсөлд ажиллах санал тавьсан юм. 
"Би гүйцэтгэгч компанид ажиллах дуртай." 

"Үйл явц хурдтай өрнөдөг. Төслийг техникийн талаас нь харахаас гадна гэрээний удирдлага, зардлын хяналт, хяналт шалгалт, санхүүжилт гээд бүхэлд нь харах шаардлагатай болдог. Захиалагч талд ажиллахад тухайн төслийн тодорхой нэг хэсэгт л илүү төвлөрөх шаардлагатай болно."

Тэрээр BHP компанийн Роки Ревард никелийн уурхайд Техникийн үйлчилгээний менежерээр томилогдон, шинэхэн гэр бүлийнхээ хамтаар Пэрт рүү нүүн очихоос өмнө Проминэнт Хилл уурхайгаас Ропер Бар төсөлд шилжин ажиллаж байсан. Тэнд 2019 оны 6-р сар хүртэл ажилласан бөгөөд одоо тэрээр 255 ажилтнаас бүрдэх багийг удирдан, сайтын Төслийн менежерээр ажиллаж байна. 

Техникийн ур чадвар, тус төсөлд дөрвөн жил ажилласан туршлага нь Бэнийг тус албан тушаалд томилогдоход түлхэц болсон. 

"Роки Ревард уурхай нь хуучин гүний уурхайгаар дамжин олборлолт хийгддэг, ажиллагаа ихтэй сайт тул өмнөх албан тушаалд ажиллаж байхдаа хуримтлуулсан төслийн талаарх мэдлэг үнэхээр хэрэг болж байна."

Одоогоор Бэн төслийг бүхэлд нь удирдан чиглүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа бөгөөд ХАБЭА, олборлолт, техникийн үйлчилгээ, засвар үйлчилгээ, санхүү, захиргааны бүхий л хэлтэс түүнд ажлаа тайлагнаж байна.   

"Шинэ ажилдаа дасаад, урамтай байна. Гүйцэтгэлийн үр дүнд хүрч ажиллахаас эхлээд хүн бүр өдөр бүр аюулгүй байх зорилтыг биелүүлэх хүртэлх бүхий л хүрээнд баг хамт олныг нэгэн зорилгын төлөө нэгтгэн удирдан чиглүүлэх боломжтой ажил үүргийг гүйцэтгэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна."

Бэн болон түүний гэр бүл Австрали улсад аль хэдийн идээшин дассан бөгөөд тэрээр Африкаас ирсэн залуу инженерүүдэд Австрали улсад ажил амьдралын гараагаа эхлүүлэхэд нь Африк гаралтай уул уурхайн мэргэжилтнүүдийн Австрали дах холбооны ажлаараа дамжуулан тусалж байна.

Холбооны үүсгэн байгуулагчийн хувьд тэрээр ажлын талбарт хөл тавьж буй, инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад заавар зөвлөгөө өгдөг.

"Мэргэжлийн үнэмлэх бол өөрийн хүссэн салбартаа хөл тавих тасалбар төдий л зүйл юм. Хамгийн гол нь ажлын талбарт гарсны дараа чиний өмнө гарч ирэх боломжийг хэрхэн ашиглахаас бүх зүйл шалтгаална."  

"Өнөөгийн технологийн эрин үед бүх зүйл асар хурдацтай өөрчлөгдөж байгаа тул их сургуульд сурсан зүйлс маш хурдан хоцрогдох болсон. Та бүхэн ямагт суралцсаар байх хэрэгтэй. Шинэ, дасал болоогүй зүйлсийг хэрхэн зохицуулах, мөн асуудлыг хэрхэн шийдвэрлэхэд суралцаарай."

Уул уурхайн салбарт ажилласан хугацаандаа, тэр дундаа долоон жилийн өмнө Тийсст ажилд орсноос хойших хугацаанд Бэний хүрсэн амжилтаас суралцах зүйл их бий.    

"Тийсст ажиллахад маш сайхан байдаг. Тэд шаргуу ажилласан ажилтнуудаа урамшуулан дэмжиж, албан тушаал ахих боломж олгодог."

"Тийсс компанид ажиллаж эхэлснээс хойш миний ур чадвар маш их өссөн бөгөөд салбартаа танигдсан хүчирхэг удирдагчдын багт ажиллаж, их зүйлийг сурч мэдсэн би их азтай хүн. Би үүнд үнэхээр их талархаж явдаг юм."

"Мөн хамт олондоо байнга дэмжлэг үзүүлж, ажлыг илүү сонирхолтой байдлаар, урам зоригтой гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж чаддаг чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой ажиллаж байсандаа үнэхээр сэтгэл дүүрэн байдаг."

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm