Чулуулгийн масс – Леонигийн судалгааны ажил дэлхий нийтийн хүртээл боллоо

Огноо
Тавдугаар сар 07, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Ил уурхайн одоогийн нөөцөд хүрч олборлох үүднээс уурхайчид урьд байгаагүй гүнд малталт хийх болсон тул геотехникийн салбарынхан орчин үеийн өндөр овоолгын тогтворжилтыг дээд зэргээр хангахад анхаарах болсон.

 

“Уул уурхайн хаягдал ба хаягдлын овоолго” сэдвийн хүрээнд Колорадод зохион байгуулсан бага хурлын үеэр Тийссийн ерөнхий инженер доктор Леони Брэдфийлд хаягдлын овоолгын шүргэлтийн даралтын судалгааны үр дүнгээ дэлхий нийтэд танилцууллаа.

Тэрээр геотехникийн шилдэг мэргэжилтэн доктор Жон Симмонсын хүсэлтээр Ньюкаслын Их сургуулийн нэгэн судалгааны төслийг удирдан ажиллаж байх хугацаандаа буюу 2011 онд энэхүү судалгааны ажлаа эхлүүлсэн.

Австралийн нүүрсний холбооны судалгааны хөтөлбөр (ACARP)-ийн санхүүжилт болон Тийсс компанийн бодит дэмжлэгтэйгээр Леони урьд хожид байгаагүй өндөр овоолгын шүргэлтийн даралтыг нарийвчлан тооцоолох аргачлалыг судалж, загварчилсан.

Тэрээр “Урьд нь ил уурхайд овоолгын өндөр 90 метрээс хэтрэх нь ховор тохиолдол байсан бол орчин үед овоолго 250 метрээс дээш өндөртэй байх нь хэвийн зүйл болсон” хэмээн тайлбарлаж байна.

Тэрээр цааш нь “120 метр хүртэл өндөртэй овоолгуудын нуралтын шинжилгээнд суурилсан бөгөөд лабораторийн бага хэмжээний туршилтын үр дүнд боловсруулсан гарын авлага, зөвлөмжүүдийг уул уурхайн салбарт саяхныг хүртэл ашиглаж байсан. Тэдгээр гарын авлага, зөвлөмжүүдийг 1970, 1980-аад оны үеийн овоолгод ашиглахад тохиромжтой байсан хэдий ч өнөөгийн болон ирээдүйн шаардлагыг хангахгүй болсон” хэмээн өгүүлж байна.

Том Жон

Одоогийн болон төлөвлөж буй өндөртэй овоолгуудыг зөв тооцоолох зорилгоор ‘Том Жон’ хочтой том оврын шууд зүсэлтийн машиныг зохион бүтээж, угсран, ашиглах хүртэл Леони гурван жилийг зарцуулсан.

“Том Жоныг зохион бүтээх нь төслийн хамгийн хялбар үе шат байсан хэдий ч тус машиныг угсрах, турших явцад хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарч байсан” хэмээн Леони онцлов.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Техник мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн багийг удирдаж байгаагийн хувьд миний бие реакцын рамны ган дам нурууны хэмжээ, гагнаасын төрөл зэрэг деталь тус бүрийг төлөвлөх, тооцоолохын тулд бүтээц, механик инженерчлэлийн холбогдолтой олон ном унших шаардлага тулгарч байлаа” гэв.

Тус машин нь сорьцын хэмжээ (720мм х 720 мм х 600мм) болон даралт (4.6МПа хүртэл)-аас хамаарч чулуулгийн овоолгын геотехникийн туршилтанд шууд зүсэлтийн машинаар урьд өмнө нь хийж байгаагүй маш том хэмжээгээр туршилт шинжилгээ хийдэг.

Дэлхийн нөөц баялаг

Леонигийн нээлтүүд нь Уул уурхайн хаягдлын болон хүдрийн овоолгыг тооцоолох гарын авлагад нийтлэгдсэн байдаг бөгөөд түүний судалгаа нь олон улсад, ялангуяа Канад, Америкийн хойд муж улсуудын геотехникийн салбарынхны анхаарлыг татсан.

Леони зөөлөн хөрсний хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилготой мэргэжлийн багийг удирдан Төслийн техникийн менежерээр ажиллан, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст сүүлийн 6 сарыг өнгөрүүлээд байна.

“‘Том Жон’-ыг одоо ч Ньюкаслын их сургуулийн лабораторид ажиллуулж байгаа бөгөөд дээжүүдийг шинжлэх, тооцооллын үнэн зөв мэдээлэл гарган авахад тус салбарт ашиглаж байна” хэмээн Леони онцлов.

Тэрээр мөн “Эдгээр туршилт шинжилгээний үр дүн нь овоолгын бат бөх, тогтвортой байдлын гарын авлага, зөвлөмжийг шинээр тодорхойлох, биднийг ахиц дэвшил гарган ажиллахад загвар болж байна” гэв.

Колорадогийн Их сургуулийн Иргэн ба байгаль орчны инженерийн тэнхимээс санаачлан, геотехникийн шинжлэх ухаанаар тэргүүлэгч Албертагийн Их сургууль болон Британийн Колумбын Их сургуультай хамтран “Уул уурхайн хаягдал, хаягдлын овоолго” сэдэвт бага хурлыг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү бага хурал нь хаягдлын далан болон овоолгын менежементийн тулгамдсан асуудал, хөгжлийн талаар уул уурхайн болон холбогдох салбарынхан, төрийн байгууллагууд цугларч тогтмол хэлэлцүүлэг явуулдаг форум юм. 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm