Meet Mason — Thiess' 2020 Graduate of the Year

Огноо
Арван хоёрдугаар сар 22, 2020
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн “2020 оны шилдэг шинэ залуу мэргэжилтэн”-ээр шалгараад байгаа Мэйсон МакМанусын хувьд сүүлийн хоёр жил амжилт дүүрэн өнгөрсөн.

 

Бид түүнтэй ярилцаж, Тийсст ажиллаж буй сэтгэгдлийг нь сонсож, олон улсын шилдэг багт ажилладгаар бахархдаг тухай тодруулсан юм.

Мэйсон 2018 онд Тийссийн Нийлүүлэлтийн сүлжээний шинэ залуу мэргэжилтнээр анх ажиллаж эхэлсэн бөгөөд одоо тэрээр Хуулийн багт хуулийн зөвлөхийн албан тушаал хашиж байна.

Өөрийгөө сориход үргэлж бэлэн байдаг тэрээр “Шинэ залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр”-ийг мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд өсөж, хөгжих сайхан боломж гэж харсан.

Мэйсон хэлэхдээ: “Би шинэ зүйлд суралцах, нарийн төвөгтэй зүйлсийг шийдвэрлэх дуртай.

Миний хашиж буй албан үүрэг их эрч хүчтэй, хөдөлгөөнтэй байхыг шаарддаг тул би энэ ажилдаа дуртай. Заримдаа Тендер эсвэл Нийлүүлэлтийн сүлжээний багуудтай гэрээний чиглэлээр хамтран ажилладаг бол зарим өдрүүдэд хууль эрх зүй, худалдааны асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөгөө өгөх жишээтэй” гэв.

Захиалагчийн хүссэн үр дүнд хүрэхийн төлөө бүгд бие биеэ дэмжиж, сорихын сацуу бие биедээ харилцан хүндэтгэлтэй ханддаг баг хамт олны нэгэн гишүүн болж ажиллаж байгаадаа тэр их баяртай байдаг. Мөн тэрээр Allies буюу Дэмжигч хөтөлбөрийн санаачлагч гишүүн гэдгээр бахархдаг нэгэн. Тус хөтөлбөр нь Тийссийн олон талт байдал, оролцоог дэмжихэд чиглэсэн “хүн бүр үнэ цэнэтэй” алсын харааг хэрэгжүүлдэг, Тийссийн анхны “ЛГБТИКА+сүлжээ” юм.

“Тийсст ажиллах хугацаанд бахархам олон ололт амжилт гаргасны нэг нь Дэмжигч хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн явдал байсан”.

“Дэмжигч хөтөлбөр бол талуудын оролцоог хангасан процесс бөгөөд энэ нь ажилтнууд өөрсдийн туулсан амьдралын туршлагад үндэслэн энэ сүлжээг байгуулсан гэсэн үг юм. Ажилтнууд болон орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авсан нь энэхүү үйл явцыг илүү үр дүнтэй, онцгой болгосон”.

Тэрээр “олон талт байдал, оролцоог хангах гэдэг нь зөвхөн бодлогын түвшинд хэрэгждэг зүйл биш, харин энэ нь бидний ажиллах арга барилын нэгээхэн хэсэг юм гэдгийг надад илүү ихээр ойлгуулсан” гэв.

Ажлын ур чадвар, хүсэл тэмүүлэл нь Мэйсоны менежер, мөн ментор нь болох Дэн Салисбюрид гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.

Дэниэль хэлэхдээ “Мэйсон их санаачлагатай, баг хамт олныхоо итгэлийг хүлээсэн, мөн ажлын гараагаа эхэлж байгаа хуульч хүн боловч хүлээлтээс давсан үзүүлэлттэй ажилладаг” гэв.

“Бид Мэйсоноор, мөн богино хугацаанд ч гэсэн амжилтад хүрч болдог гэдгийг харуулж чадсан түүний амжилтаар ихэд бахархаж байна. Дараа ямар амжилтад хүрч, гайхшруулах бол гэдэг нь бидэнд сонин байна”.

Мэйсоны тухай илүү ихийг дараах хэсгээс олж мэдэцгээе:

Та хэнээс урам зориг авдаг вэ? Яагаад?

Олон хүнээс урам зориг авдаг. Надтай адилгүй, өөрөөр сэтгэдэг хүмүүсээс суралцах маш их дуртай. Би өөрийн ойлголтыг зөв эсэхийг сорьж үзэн, бусдын үзэл бодлыг ойлгохыг хичээдэг. Ялангуяа өөрсдийн байр суурийг чөлөөтэй, нээлттэй илэрхийлж, үзэл бодлоо тууштай хамгаалж чаддаг өнөөгийн залуусаас урам зориг авдаг.

Хууль, эрх зүйн чиглэлээр ажиллаж, цаашид амжилтад хүрэхийг зорьж байгаа таны бага насны мөрөөдөл юу байсан бэ? Ямар ажил хийхийг хүсэж байсан бэ?

Яагаад гэдгийг мэдэхгүй ч, дунд сургуулийн хоёрдугаар ангид сурч байх үедээ би ангийнхаа хүүхдүүдэд гал сөнөөгч болохыг хүсч байгаагаа хэлж байснаа санаж байна.

Жолоо барьж явахдаа сонсдог дуртай дуунаасаа хуваалцаач, яагаад тэр дуунд дуртай вэ?

Та гайхаж магадгүй, гэхдээ Мамма миа мюзикл киноны “Winner takes it all” дууг сонсох дуртай. Мөн Пирс Бронсон уг кинонд “SOS” дууг дуулж байгаа инээдтэй хэсгийг үзээрэй.

Та өөрийгөө амьтан гэж төсөөлбөл ямар амьтан байх байсан бол, яагаад?

Өөрийгөө амьтнаар төсөөлбөл минж юм болов уу. Яагаад гэвэл тэд хүчтэй, тэнхээтэй, зорилгынхоо төлөө үргэлж тэмцэж байдаг амьтад.

Та хүмүүст ямар ном уншихыг санал болгох вэ, яагаад?

Брюс Паскоүгийн “Хар тогоруу” гэдэг номыг санал болгоно. Австрали дах Торрес Стрэйт арлын уугуул иргэдийн талаар сургуульд байхад бидэнд зааж байснаас өөр түүхийг энэ номонд өгүүлдэг. Энэ ном нь соёл, газар зохион байгуулалтын уламжлалт аргуудаар дамжуулан Австралийн уугуул иргэдээс бид хэрхэн суралцаж болохыг харуулсан гайхалтай бүтээл юм.

Одоогоор таны “хийх ёстой” зүйлсийн жагсаалтын хамгийн эхэнд юу байна вэ?

Гэр бүлийнхэнтэйгээ уулзмаар байна. Би тэдэнтэй бүтэн жил уулзаагүй болохоор зул сарын баярыг тэсэн ядан хүлээж байна.

X