Илүү өндөрт, аюулгүй, үр дүнтэй нисдэг дрон

Огноо
Аравдугаар сар 27, 2021
Ангилал
  • Innovation
Tag хийх

Тийссийн маркшейдерын баг олон сэнстэй M300 RTK загварын дроныг Австрали дах сайтуудад нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд энэ нь үр ашиг, ашиглалтын бэлэн байдал, аюулгүй ажиллагааг сайжруулж, цаг тухайд нь, оновчтой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна.   

Бид нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг зураг авалт хийх гол хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд энэ нь маркшейдерт уурхайн олборлолт хийгдэж байгаа талбайд нэвтрэлгүйгээр, зайнаас аюулгүй байдлаар хэмжилт хийх боломжийг бүрдүүлж өгдөг. Мөн ажлын талбайд гүйцэтгэх ажлуудын ерөнхий зураглалыг хийх боломжоор хангахын зэрэгцээ үйл ажиллагааны шинэчлэгдсэн, сүүлийн үеийн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахад шаардагдах чухал мэдээллээр хангадаг юм. 
 

M300 загварын дроныг нэвтрүүлж байна  

Одоогоор Австрали болон Индонез дах төслүүдэд ашиглаж байгаа Phantom 4 RTK загварын дронуудыг M300 загварын дроноор сольж эхлээд байгаа бөгөөд үр дүнгээ хэдийнээ өгч эхэлжээ. M300 загварын батарейн ашиглах хугацаа илүү уртассан бөгөөд тус загвар нь 210 га газрын зургийг ердөө 40 минутад авах хүчин чадалтай, мөн олон спектрын нэмэлт камертай тул ургамлан бүрхүүлийн дунд шурган орж нөхөн сэргээлтийг хянахад дэмжлэг үзүүлэх боломжтой.  

Тус загвар нь аюулгүй ажиллагааны үзүүлэлтийн хувьд илүү сайжирч, хос батарейн системтэй болсон. Өөрөөр хэлбэл нэг батарей нь ажиллагаагүй болсон үед хоёр дах батарей нь дроныг унахаас хамгаална. Мөн ADSB хүлээн авагчтай ба энэ нь агаарын орон зайд нисэж байгаа нисгэгчтэй нисэх төхөөрөмжүүдийн талаар мэдээлж, мөргөлдөхөөс сэргийлдэг. Өндөрт болон хол нисэхэд эдгээр аюулгүй ажиллагааны функцүүд их чухал үүрэгтэй.   

Маунт Артур төслийн маркшейдер Эллиот Гайлер нь сайтад M300 загварын дрон ашиглахын давуу талыг мэдэрч эхлээд байгаа юм. Тус загвар нь өмнөх загвараас зургаа дахин их мэдээллийг хамруулан үйл ажиллагааны зураглал хийдэг бөгөөд тус мэдээллийг төлөвлөлт, тооцоолол, үйл ажиллагааны нийцлийг хангахад ашигладаг.   

Эллиот хэлэхдээ: “M300 загвар нь илүү овор томтой тул нисэж явахад ялгаж харахад хялбар байдаг бөгөөд Иргэний нисэхийн аюулгүй байдлын албаны зөвшөөрлөөр илүү өндөрт нисэх чадвартай. Өөрөөр хэлбэл бид талбайн зураглалыг бүхэлд нь илүү богино хугацаанд гаргах боломжтой болсон.  

Мөн цаг агаарын илүү хүнд нөхцөлд ажиллаж, салхинд өмнөх загварын дроноос 20 км илүү нисэх боломжтойгоос гадна ажиллагааны илүү өндөр температурт ажиллах чадвартай болсон” гэж онцлов.  

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж хариуцсан ахлах маркшейдер бөгөөд ахлах хянагч Тим Малкахи тус M300 загварын дрон ашиглахын давуу талыг төслүүд мэдэрч эхэлсэнд баяртай байгаа юм. Тэрээр үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ технологи нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг.      

Тим хэлэхдээ: “Сайтад дрон ашиглалт нэмэгдсэнээр бид ажилд шаардагдах мэдээллийг хурдан олж авах, уурхайн 3 хэмжээст загварыг түргэн гаргах, улмаар захиалагчдын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болсон.     

Уул уурхайн салбар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн технологийн аль аль нь тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд манай баг эдгээр ололтын давуу талыг ашиглах нөхцөлийг бүрдүүлж чадсан.  

Төслийн маркшейдерууд ажлаа аль болох хурдан бөгөөд алдаагүй хийж гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн шинэ технологиудыг бид үргэлж ажиглаж, судалж байдаг.  

Зураглалыг алдаагүй, нарийвчлалтайгаар цаг хугацаанд нь түргэн шуурхай гаргаж өгөх нь төслүүдэд үйл ажиллагааны тодорхой байдлыг бий болгож өгөхийн зэрэгцээ захиалагчийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг” гэв.  
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm