Хайдра консорциум байгуулагдлаа

Огноо
Дөрөвдүгээр сар 16, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани уул уурхайн салбарт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах санаачилгыг дэмжих зорилгоор уул уурхай, технологийн салбарын тэргүүлэгч байгууллага, компаниудын хамт Хайдра консорциумд нэгдлээ. 

 
Дэлхийн уул уурхайн салбарт судалгаагаар тэргүүлэгч Mining3 хэмээх байгууллага, нүүрстөрөгчийн хэрэглээ багатай эрчим хүч үйлдвэрлэл, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлдэг ENGIE компани хамтран Хайдра консорциум байгуулснаа зарласан.  

Хайдра консорциум нь уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа хүнд даацын машин техникүүдэд устөрөгчийн түлшээр ажилладаг хүч дамжуулах анги ашиглах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Ингэснээр уул уурхайн хүнд даацын машин техникийг нөхөн сэргээгдэх устөрөгчөөр ажиллуулах, дизель түлшийг халах, өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах боломжийг бүрдүүлэх юм.  

Энэ зорилтод хүрэхийн тулд хүч дамжуулах ангийг нөхөн сэргээгдэх устөрөгчөөр ажилладаг болгох загварын техник, эдийн засгийн үндэслэл, инженерчлэлийн судалгаа зэрэг хэд хэдэн ажлууд хийгдэх юм. Энэ ажлын хүрээнд түлшний элемент агуулсан 200кВт-ын зай хураагуураар ажилладаг хүч дамжуулах ангийн загварыг зохион бүтээх, үйлдвэрлэх, уурхайн орчинд (өндөржилт, тоосжилт, температурын хүчин зүйлс гэх мэт) турших ажил хийгдэнэ. Туршилтын үр дүнд дизель түлшээр ажилладаг хүч дамжуулах ангийг орлох шийдлийг оновчтой болгоход ач холбогдол бүхий мэдээлэл авах боломж бүрдэх юм.  

Үүнээс гадна тус төсөл нь уул уурхайн салбарт устөрөгчийн аюулгүй хэрэглээний журам боловсруулах замаар Чили болон бусад улсын төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх төдийгүй устөрөгчийн энэхүү шийдлийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.  

Эцэст нь тус төслийн хүрээнд бизнесийн кэйсийг баталгаажуулах зорилгоор Консорциумын гишүүн байгууллагууд тус шийдлийг өргөн хүрээнд ашиглах боломжийг судлах боломжтой эсэхийг тодорхойлж, өрсөлдөх чадварын шинжилгээ хийнэ.   

2020 оны 8-р сард Чилийн Эдийн засгийн хөгжлийн агентлаг (CORFO) нь CSIRO Chile сантай хамтран Mining3 байгууллагад төрийн сангаас 252 сая чили песо (буюу 280,000 евро)-ын хөрөнгө оруулалт хийсэн нь тус төслийг дэмжсэн анхны тохиолдол байсан. Үүнээс хойш, уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Mitsui & Co Inc (АНУ) болон Тийсс компани ил уурхайн үйл ажиллагаанаас үүсэх нүүрстөрөгчийг бууруулах тогтвортой шийдлийг хөгжүүлэх үүрэг хариуцлагын хүрээнд нэмэлт дэмжлэг үзүүлсэн. Түүнчлэн технологийн зарим компаниуд тус тусын салбарын хүрээнд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тухайлбал, Ballard Power Systems компани түлшний элементийн системээр хангах ба Hexagon Purus компани устөрөгч хадгалах систем нийлүүлж, Reborn Electric Motors компани системүүдийг нэгтгэх ажлыг гүйцэтгэнэ.  

Mining3 байгууллагын Гүйцэтгэх захирал профессор Поол Ливер хэлэхдээ: “Уул уурхайн салбарт хувьсал авчрах энэхүү чухал шийдлийг төслийн оролцогчидтой хамтран улам бүр хөгжүүлж, улмаар нүүрстөрөгчгүй ирээдүйг бий болгох шинэ хэрэглээ, процессыг нэвтрүүлэх үүд хаалгыг нээж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлов. 

ENGIE компанийн устөрөгч ашиглалтын технологи хариуцсан Гүйцэтгэх захирал Мишел АЗАЛБЕРТ хэлэхдээ: “Уул уурхайн салбарын нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулахад гишүүн байгууллагуудын мэргэжлийн чадвар, туршлагад суурилсан хүчирхэг хамтын ажиллагааг бий болгоход оролцож байгаадаа бид баяртай байна. Нөхөн сэргээгдэх устөрөгч нь уул уурхайн салбарт чухал байдаг уян хатан байдлыг бий болгоно. Устөрөгчийн шийдлийг ашигласнаар хүлэмжийн хий үүсгэхгүй байх давуу талтайгаас гадна ашигт малтмалыг орлох, эдийн засгийн хувьд хэмнэлттэй нөөцийг ашиглан уул уурхайн үйл ажиллагааг явуулах боломж бүрдэнэ” гэж онцлов. 

Тус консорциум нь уул уурхайн бусад компани, технологийн компани, төрийн байгууллагуудыг консорциумд нэгдэж, энэ салбарыг хөгжүүлэхийг уриаллаа. 
 

Mining3 байгууллагын тухай 

Mining3 байгууллагын төв оффис нь Австралийн Брисбэнд байрладаг бөгөөд тус байгууллага 28 жилийн турш үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд салбартаа тэргүүлэх, дэлхийн түвшний судалгаа шинжилгээний олон ажил хийж, инновацыг хөгжүүлсээр ирсэн.  

Манай судлаач, инженерүүд үндсэн болон хэрэглээний суурь судалгаа, өргөн мэдлэг, туршлагадаа тулгуурлан гишүүн байгууллагуудын өгсөн удирдамж, зааварчилгааны дагуу салбарын бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг боловсруулдаг. Mining3 байгууллага нь үр дүнтэй хамтын ажиллагаа бол инновацын хамгийн хүчирхэг зэвсэг гэж үздэг.    

Уул уурхайн компани, машин техникийн үйлдвэрлэгч, уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн үйлчилгээний компани, их дээд сургуулиуд Mining3 байгууллагад гишүүнээр элсэхэд нээлттэй бөгөөд тус байгууллагын гишүүнээр элссэнээр уул уурхайн салбарт тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэн ажиллаж байгаа гишүүдээс бүрдсэн идэвхтэй бүлгийн чухал, нөлөө бүхий хэсэг байх боломжтой. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm