Аюулгүй ажиллагаа болон багийн ажиллагаа нь ОТ гүний уурхайн төслийг амжилтад хөтөлж байна

Огноо
Есдүгээр сар 03, 2021
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Монгол улс дах Тийсс компанийн баг хамт олон аюулгүй ажиллах болон багаар ажиллахтай холбоотой үүргээ сайтар ухамсарлан, тууштай ажиллаж байгаа нь “Оюу Толгой гүний уурхайн налуу амны нэвтрэлт болон үйлчилгээний порталыг барих төсөл”-ийн чухал зорилтод амжилттай хүрэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.  

Тийсс компани нь үндэсний гэрээт гүйцэтгэгч Хишиг Арвин Индустриал компанитай хамтран туузан дамжуургын налуу амыг ОТ гүний уурхайтай холбох туузан дамжуургын налуу амны уулзах нэвтрэлтийг 8-р сарын 16-нд амжилттай гүйцэтгэлээ.  

Энэхүү амжилтыг онцолсон видеог эндээс үзнэ үү.  

Энэ нь тус багийн хувьд чухал амжилт юм. ОТ гүний уурхайд нэвтрэх үндсэн гарцын үүргийг гүйцэтгэх, мөн ОТ гүний уурхайгаас хүдрийг тээвэрлэн гадаргад хүргэх боломжийг бүрдүүлж өгөх C2S (туузан дамжуургаар дамжуулан гадаргууд гаргах) систем нь ОТ төслийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү систем бүрэн баригдаж дууссан үед (өргүүрийн систем ашиглан) хүдэр олборлох үйлдвэрлэлийн хүчин чадал өдөрт 25,000 тонноос ойролцоогоор 95,000 тонн болж нэмэгдэх боломжтой.  

Багийн хамтын хичээл зүтгэл  

Сорилт ихтэй хүнд цаг үед ажиллаж байгаа баг хамт олныхоо хичээл зүтгэлийг Монгол дах Тийсс компанийн Гүйцэтгэх захирал Лион Кутцер онцлон баяр хүргэлээ.  

Лион хэлэхдээ "Амаргүй хүнд даваа байсан ч хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бид энэхүү амжилтад хүрч чадлаа. Энэ хугацаанд олон ч амжилт, сайхан мөчүүд тохиож байсан бөгөөд бид эхэлсэн цагаас дуусах хүртэлх хугацаанд ХЧА (Хөдөлмөрийн чадвар түр алдах)-д хүргэсэн осол зөрчил гаргалгүй 3 сая хүн-цаг ажиллаж байгааг дурдахгүй байхын аргагүй юм. КОВИД цар тахлын хүнд хэцүү үе, чулуулгийн хүнд нөхцөл, төсөлд учирсан бусад хүндрэл бэрхшээлийг даван туулж энэ үр дүнд хүрч чадсан явдал нь тийм ч амар давтагдах зүйл биш юм” гэв.  

Бэрхшээлийг даван туулах  

Гүний уурхайн малталтын ажлыг гүйцэтгэх үед тохиож байсан чулуулгийн шинж чанараас эхлээд технологитой холбоотой олон бэрхшээлийг даван туулахад багийн гишүүдийн гаргасан хичээл зүтгэлийг Гүний уурхайн суперинтендент Б.Батбаяр онцолсон юм.  

Батбаяр хэлэхдээ “Бид Туузан дамжуургын налуу амны малталтын хурдыг үйлчилгээний налуу амнаас ойролцоогоор 300 метрээр түргэсгэж, нэвтрэлтийн нэмэлт мөргөцгүүдийг гаргах санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн.  

Үүний үр дүнд гүйцэтгэлийн хурд 23 хувиар нэмэгдсэн нь гэрээт ажлыг хугацаанд нь дуусгах чухал хүчин зүйлс болсон юм” хэмээн онцлов.  

Хүн бүр өдөр бүр аюулгүй байх  

ХАБЭАБО-ны хэлтсийн дарга Г.Туяа хэлэхдээ “Төслийн 240 ажилтан аюулгүй ажиллагааг хангаж ажиллах  үүргээ сайтар ухамсарлан ажилласан нь энэхүү амжилтад хүрэхэд ихээхэн түлхэц болсон.  

Аюулгүй ажиллагаа бол бидний нэн тэргүүний зорилт бөгөөд энэхүү төслийг “НЭГ БАГ, НЭГ МӨРӨӨДӨЛ” уриан дор хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн чадвар түр алдахад хүргэсэн осол зөрчилгүй 1829 хоног буюу 3 сая хүн-цаг ажиллаад байна” гэв.  

C2S төслийн талаарх товч мэдээлэл  

  • C2S төслийн налуу ам нь салбарын стандартаар маш эгц налуу амд тооцогддог. Энэхүү төслийг аюулгүй, хурдан хэрэгжүүлж дуусгах нь онцлох ололт, амжилт юм. 
  • Төслийн нэг тэсэлгээгээр ахих дундаж хурд 5.6м байв  
  • Төслийн баг хамт олон 2019 оны 12-р сард 377 м тэсэлгээний ажил гүйцэтгэсэн нь гүйцэтгэлийн хамгийн сайн үзүүлэлттэй сар байсан юм. 2020 онд ахилтын нийт 3,930 м үзүүлэлттэй байсан нь тус багийн хамгийн их ахилттай ажилласан жил байв   
  • Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш C2S төслийн гэрээт талбайд нийт 3,165 тэсэлгээг аюулгүй гүйцэтгэсэн.  

C2S төслийн анхдагч үйл ажиллагаанууд   

  • C2S төслийн талбайд eDev® загварын электрон тэслүүрийг анх удаа амжилттай туршиж, ашиглаж эхэлсэн. Энэ нь тэсэлгээний үед доргилтыг хянах, хэт тэслэх тохиолдлыг бууруулах, тэсэлгээний цагийг чулуулгийн хуваагдал болон зайд тохируулан оновчтой төлөвлөх, томоохон мөргөцгийн тэсэлгээг нэг удаагийн оролдлогоор гүйцэтгэх боломжийг тус багт бүрдүүлж өгсөн     
  • C2S төслийн баг хамт олон Жамбо өрмийн машинд суурилуулсан, резин цавууг автоматаар шахах системийг ашиглан кабелан бэхэлгээ (10 хүртэлх метрийн урттай)-г резин цавуугаар дүүргэж чигжих ажлыг гүйцэтгэх хангалттай ур чадвар, туршлагатай болсон. Уг резин цавуу нь долоон минутад хатаж, биеждэг тул циклийн хугацааг асар их богиносгосон.  

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm