Нью Саут Уэльс мужийн “Уул Уурхайн салбарын ХАБЭАБО болон Олон нийтийн оролцоо”-ны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ энэ долоо хоногт зохион байгуулагдаж, Маунт Оуэн уурхайн хамт олны санаачилсан “Эрүүл Эерэг Дадал Хэвшүүлэх Хөтөлбөр” нь “Эрүүл Зөв Дадал” төрөлд тэргүүн байрт шалгарлаа.

Шагнал олгох энэхүү арга хэмжээ нь ХАБЭАБО-ны менежмент, олон нийтийн оролцоог хангахад онцгой амжилт гаргасан тохиолдол болон шинэлэг санаачилгуудыг хөхиүлэн дэмжиж, урамшуулдаг.

Эрүүл амьдрах хэв маяг хэвшүүлэх, дэмжих зорилгоор Маунт Оуэн уурхайн санаачилсан “Эрүүл Эерэг Дадал Хэвшүүлэх Хөтөлбөр” уг шагналыг хүртсэн юм.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Нью Саут Уэльс мужийн Уул Уурхайн Зөвлөлөөс уул уурхайн салбарын ажилчдын эрүүл мэндийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор дэвшүүлсэн - “Нэг жилд, нэг уурхайчин, нэг килограмм жин хасах” гэсэн зорилготой нийцэж байгаа юм.

Өнгөрсөн 12 сарын турш Маунт Оуэн уурхайн багийн 312 гишүүн энэ  хөтөлбөрт оролцож, нэгдсэн дүнгээр 500 гаруй  килограмм жин хасжээ. 

Тэдний түүхийг үзээрэй

Маунт Оуэн уурхайн ХАБЭА-ны менежер Кэрин Стэммэр, Төслийн менежер Жероин Хэндрикс, ХАБЭА-н Зөвлөх Ханна Ричардсон нар Эрүүл зөв дадал хэвшүүлсэн амжилт гаргасан багийн шагналыг гардан авсан.

“Бидний санаачилгыг дэмжиж энэхүү шагналыг олгосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа” хэмээн Кэрин хэлсэн юм.

“Өмнө хэрэгжиж байсан хөтөлбөрийн хүрч чадаагүй сайн үр дүнг богино хугацаанд бий болгох гэж хичээх, эсвэл багийнхаа хүмүүсийг тамирчин шиг бие бялдартай болгохыг бид зориогүй юм”.

“Энэ хөтөлбөр нь урт хугацааны үр дүнд чиглэсэн хөтөлбөр бөгөөд бага гэлтгүй өөрчлөлт хийхэд хүн бүрийг уриалан оролцуулах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд хүн тус бүр болон сайтын хэмжээнд гаргаж буй ахицаа хэмжих төхөөрөмжийг суурилуулахад анхаарч байна.

Бидний төсөөлөө ч үгүй байсан өөрчлөлтүүд анзаарагдаж эхэлсэн. Тухайлбал: 

  • Хоол хүнсний талаар амралтын өрөөнд өрнөдөг ярианы сэдэв өөрчлөгдсөн.
  • Эрүүл аж төрөх хэвшилд суралцах нөхөрсөг өрсөлдөөн хамт олны дунд өрнөж эхэлсэн.
  • Амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл амьдралын хэв маягийг сонгох хандлага нэмэгдсэн.

Өөрсдийн амжилтын түүхийг хуваалцсан Стийв, Вэйди нарт баярлалаа. Энэхүү санаачилга нь эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах хандлагад хэрхэн нөлөөлсөн жишээг бид эдгээр ажилтны амжилтын түүхээс харж болохоор байна”.

“Эрүүл, эерэг дадал хэвшүүлэх хөтөлбөр нь Маунт Оуэн уурхайн үйл ажиллагааны салшгүй нэгэн хэсэг болсноос гадна “Хүн бүр өдөр бүр аюулгүй байх” зорилтыг хэрэгжүүлэх чухал алхмын нэг болж чадсан юм.

“Манай хамт олны хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулсанд баярлаж байгаагаа дахин илэрхийлье. Бид энэхүү шагналын эзэд болсондоо туйлын баяртай байна”.