Тийсс компани Австралийн Күинслэндийн Баувэний сав газарт орших Доосон Саут нүүрсний уурхайд Англо Американ компанитай хамтран ажиллах гэрээг сунгаж,190 сая австрали долларын үнийн дүн бүхий ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

Гэрээний хугацааг 36 сараар сунгасан бөгөөд энэ хугацаанд Тийсс компани нүүрсний олборлолт, хөрс хуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээс гадна нүүрс ачиж буулгах талбайд нүүрсийг ачих, буулгах үйлчилгээ үзүүлэх юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Англо-Американ компанитай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд энэхүү Гэрээг сунгасан бөгөөд энэ нь олон улсын түвшинд бид захиалагчдын сэтгэлд хүрсэн үйлчилгээг үзүүлдэг болохыг батлан харуулсан явдал боллоо. Тийсс компани нь Доосэний уурхайд Англо Американ компанитай 8 дах жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд ийнхүү энэ харилцааг үргэлжлүүлэн хамтран ажиллах болсонд баяртай байна” хэмээн онцолсон юм.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Доосон Саут уурхайд хийж бүтээсэн зүйлсээрээ бид туйлын их бахархаж байна. Ийнхүү гэрээ сунгагдаж байгаа нь аливаа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, зардал багатайгаар, чанартай гүйцэтгэдэг хамт олны маань чадварыг үнэлж буйн илэрхийлэл боллоо” гэв. 

Тийсс компани Доосон Саут уурхайд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анх Моура хэмээн нэрлэгдэж байсан уурхайг эзэмших, ашиглах зорилгоор 1962 онд байгуулагдаж байсан Тийсс Пийбоди Мицуй Көүл хамтарсан компанийн бүрэлдэхүүнд багтаж байсан түүхтэй. Саяхан буюу 2008 онд CIMIC Группийн бүрэлдэхүүнд багтах Сэджман болон Тийсс компаниудын хамтарсан компани Доосон уурхайд нүүрс угаах үйлдвэрийн зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өгсөн юм